0

Үгсийн сан

Үмбүү гэж хэлд орж байсан хүүхэд одоо овоо олон үгтэй болсон.

Аав
Ээж
Мээмээ
Эмээ
Өвөө
За
Мөн
Биш
Энэ
Ууя
Ус
Үүе (машин)
Ном
Яв
Байа (байгаа)
Бааба
Ёоёо
За-ас (загас)
Заан
Маамаа
Дүү
Бөбө (бөмбөг)
Үзий
Байш (багш)
Бос
Буу (бууя)
Хоол

Анхны өгүүлбэр:
Бааба биш 🙂

Эхлээд гэр бүлийн гишүүдээ нэрлэж сурсан улмаар ганц нэг нэр үг хэлдэг болсон. Тэгмэгц үйл үг сурч эхэлсэн. Одоо энэ хэдэн үгээ хооронд нь холбоод “ээж яв” гэх мэт хоёр үгтэй өгүүлбэр зохиогоод байгаа. Мөн биш гээд л хэрүүл хийгээд явчихна шүү дээ.

0

Алгаа ташаарай

Цаадах чинь саяхан бөмбөг шидэж сурсан. Тэгмэгц зуслангийн сагсны шит дээр очоод том агаа нартай сагс тоглох гэж дайрдаг болсон. Бөмбөгөө 10 см хөөргөж чадсан л бол алга ташиж, өөртөө баяр хүргэнэ. Хажууд байгаа бүх хүмүүсийг алгаа таш гэж шаардана. Ер нь ямар нэгэн амжилт гаргавал заавал өөртөө баяр хүргэж, алга ташина. Өчигдөр шөнө унтаж байхдаа хүртэл алга ташина билээ, их л мундаг зүүд зүүдлэсэн бололтой.

Энэ жил бид гурав Булган явсан. Аавынхаа нутагт оччихоод ирсэн гэсэн үг. Хүүхдүүд хөдөө яваад хонь малтай найзлаад ирдэг бол манай хүн ганц л юм сурсан. Тэр нь юу вэ гэвэл… Аав, өвөө хоёр нь найзуудтайгаа архи тулгаж уухыг харчихаад, юм уух болгондоо тулгая гэдэг болсон. Цэцэрлэгт ороод ангийнхантайгаа тулгах гээд байвал балрав аа. Хоёр долоо хоногийн дотор яаралтай мартуулахгүй бол…

0

Ховдог ч ажилсаг

Аль өвөл ид мандарин элбэгших үед Юдаа мандарин идэх дуртай байж билээ. Хөргөгчнөөс авч өг л гэнэ, арилгаад өг л гэнэ, хуваагаад өг л гэнэ. Тэр үед мандарины жижиг хэсгийг амандаа хүлхэж хамаг шүүсийг нь сорж аваад хальсыг нь гаргаад хаячихдаг байж билээ. Хааяа хальсыг нь залгиж хахах шахна. Харин сүүлд мандарин ховордоод банантай л овоо найзалсан даа. Тэгтэл саяхан жүрж аваад өгтөл хачин дуртай идэж байна. Ээж хүү хоёр бүр жүрж хальсалж иддэг аргачлалтай болов. Би жүржийн хальсыг хуулж аваад Юдаад өгнө, Юдаа түүнийг нь барьж авч яваад хогийн саванд хийнэ. Том өрөөнөөс гал тогоо хүртэл гүйчихээд буцаж ирж жимсээ иднэ. Одоо бол хальстай юутай нь иддэг болсон.

Ийм л ховдог хоёр доо. Гэснээс миний хүү 5 хоногийн өмнө ой зургаан сар хүрснийг ээж аав хоёр нь анзааралгүй өнгөрөөчихсөн байх юм. Сая энэ бичлэгтээ tag хийхдээ л санав. Хагас жилийн дараа хоёр ой. Яанаа?!

0

ҮМБҮҮ

Айлын хүүхдүүд аав аа, ээж ээ гэж хэлд ордог байтал Юдаагийн анхны үг ҮМБҮҮ байлаа. Хүүхэлдэйн кино, номон дээр үхэр үнээ гарахад үмбүү байна гэж хэлж өгдөг байсан юм, тэгсэн сая зуслан дээр анх удаа үнээ хараад ҮМБҮҮ гэж авдаг юм даа. Аргагүй л үхэр Монгол мөн дөө гэж жаал шоолов.

0

Happy

Бид хоёр Юдаад анхнаасаа хүүхдийн дүү л сонсгодог байсан юм. Twinkle twinkle little star, Winnie the Pooh, Ring around the rosy гэх мэт хэдэн түгээмэл дуутай ганц цомог татсан биш хэдэн сарын туршид өнөөхөө сонсож билээ. Юдаа ч хөгжимд дуртай, дууг нь тавиад өгвөл баярлаад л бүжиглээд байна. Дөнгөж мөлхдөг байхдаа л суугаагаараа шахуу бүжиглэдэг байсан юм. Байнга гадаад дуу сонсгоод дэмий байх гэж бодоод Монгол хүүхдийн дуу хайж олсон ч, эсвэл бичлэг муутай, эсвэл нээх хошин хоолойтой дуучинтай, эсвэл фонограм муутай гэх мэт шувтан гологдол юм таараад, түүнийг нь Юдаа тоож сонсохгүй байсан тул Монгол дуу хөгжим хөтөлбөр даанч яваагүй. Угаасаа Юдаа асар голомтгой, том хүний хөгжим тавихаар хүртэл уурладаг байв. Үе үеийн асрагчид нь өнөөх лайтай Солонгос нөхрийн клипыг тавьж үзнэ, манай хүн ч тэрийг нь эхэндээ жаал харж байгаад жоохон байж байгаад тоохоо больчихно. Уул нь тэр дуунд дургүй хүүхэд гэж байдаггүй л гэх юм билээ.

Өөрийнхөө дуунуудаас өөр хөгжим огт сонирхдоггүй байх үед нь эхний арай гайгүй явсан цомог гэвэл “The great Gatsby”-гийн киноны цомог байна. Гэхдээ тэр ч Юдаагийн сонголт гэхээсээ илүү аавынх нь сонголт байсан л даа. Fergie-гийн дуун дээр тэр хоёр нийлж ирээд л балай авдаг байж билээ. Тэгвэл саяхнаас цаад чинь шинэ favorite дуутай болсон.

Энэ балай бүжгийг нь хүртэл дууриах гээд байгаа гээч.

0

Том болсоор…

Юдаа яг ой хүрэхийнхээ өмнө анх ганц хоёр алхаж билээ. Одоо ой гурван сартай. Хөлд ороод гуравхан сар болж байгаа хэрнээ мэргэжлийн гүйдэг болоод байна, мөлхөө жаал байсан үеийг нь аль хэдийн мартжээ.

Шатны гишгүүр дээр суух дуртай. Шатан дээрээ суугаарай гэнгүүт гүйж очоод суучихна.

Халбага сэрээгээ өөрөө барьж идэх асар их хүсэл сонирхолтой. Даанч асгаж цутгаад үс толгой нь баахан хоол болоод л дуусдаг юм.

Удвал найз нь хааяа гэрт орж ирж тоглодог болсон. Юдаагийн хамгийн анхны найз. Ядаж байхад эмэгтэй. Гэхдээ Удвал ч Юдааг бодвол эршүүд нөхөр л дөө.

Хэдэн сар хүлээсний эцэст дараагийн шүд нь ургаж байгаа. Доод талын үүдэн шүдний хажуу талын хоёр шүд гарчихсан байх шиг байна лээ.

Хэд хоногийн өмнөөс диван руу авирч сурсан. Диван дээр суулаа л бол хамт сууна гээд авирдаг болсон.

Шинэ жилээр ээж аав эмээ өвөөтэйгээ Сингапур явчихаад ирсэн. Хүйтэн бассейнд орсны улмаас ханиад хүрсэн. Анх удаа амьтны хүрээлэн орж үзсэн. Ирвэс гэдэг амьтан миний хүүг хараад л байсан.

0

Цагийн хуваарь

Миний десктоп дээр “Хуваарь” гэсэн нэртэй нэг файл байгаад л байсан юм, юуны ямар хуваарь билээ гээд сая онгойлготол хөөрхий миний хүүгийн хуучин цагийн хуваарь гараад ирдэг юм байна. 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр ингэж бичжээ.

08:30-09:00 — 10:30-11:30   Сэрэх, мээмээ идэх, нүүр гараа угаах, хувцасаа солих

10:30-11:30 — 11:30-12:30   Мээмээ идэх, унтах

11:30-12:30 — 14:00-15:00   Тоглох

14:00-15:00 — 15:00-16:00   Мээмээ идэх, унтах

15:00-16:00 — 17:30-18:30   Тоглох

17:30-18:30 — 18:30-19:30   Мээмээ идэх, унтах

18:30-19:30 — 21:00-21:30   Тоглох

21:00-21:30                            Мээмээ идэх, унтах

Юдаа бид хоёрын 5 сар хагастай үеийн цагийн хуваарь нэг иймэрхүү байжээ. Өдөрт гурав унтдаг байсан гэж бодохоор бас л жаахан байж шүү. Бор хоолонд ч орж амжаагүй байсан үе. Тэгмэгц араас нь ингэж бичсэн байх юм:

2013 ОНЫ 5 САР, ШИНЭ ЦАГИЙН ХУВААРЬ

8:30: Сэрэх

10:00: Өглөөний цай: каш эсвэл ээдэм, мээм

11:00: Гадаа гарах, унтах

13:00: Сэрэх, мээм

16:00: Мээм, гадаа гарах, унтах

19:00: Оройн хоол: нухаш, мээм

21:00: Усанд орох

22:00: Мээм, унтах

Энэ болохоор дөнгөж хоолонд орж эхэлж байсан үе, өдөрт хоёр удаа унтдаг болчихсон байж. Харин одоо миний хүү өдөрт ганц удаа л унтдаг, ээж аавтайгаа хоолоо хувааж иддэг том жаал болсон. Наадмаар хөдөө гадаа явж ирээд өглөө харьцангуй орой босдог болсон юм байна. Сүүлийн хоёр сар орчим нэг иймэрхүү хуваарьтай байгаа:

09:30-10:00: Сэрмэгцээ мээмээ идээд, нүүр гараа угааж хувцасаа өмсөнө.

10:00: Nanny нь ирнэ, 10:30-11:00 цагт кашаа идээд салхилна.

1:30-3:30: Мээмээ идээд унтана.

4:00-5:00: Бантангаа иднэ, салхилна.

7:00: Nanny нь явахаасаа өмнө өдрийн бантангийн үлдэгдэл эсвэл нухаш идүүлнэ.

8:00: Гэрийнхээ оройн хоолноос жаахан идвэл иднэ.

10:00: Мэмээ идээд унтана.

Юдаа бусад хүүхдийг бодвол харьцангуй эрт өдөрт нэг л удаа дуг хийдэг хуваарьт орчих шиг болсон, гэхдээ нэг их аашлахгүй байхыг бодоход болж байгаа юм байлгүй дээ. Өдөр бол яг л яс 1:30-даа унтаад 2 цаг бараг л сэрэхгүй унтчихдаг болсон. Орой ч гэсэн дээ, нэг их зовлон болохгүй унтаад өгч байгаа, гэм нь хажууд нь хүн байхгүй байс хийгээд л сэрэх гээд байдаг. Одоо нэг л мэдэхэд шөнө ганц ч сэрэхгүй унтчихдаг болох биз дээ, миний хүү. Тэгвэл ч ээж аав хоёрынх нь нар нь гарах гээд байна даа.